Гоо сайхны хатан хаан Моника Спирийг хөнөөсөн хэрэгтнүүдэд ял оноожээ
Венесуэлийн гоо сайнхы хатан хаан гэгддэг Моника Спир энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дээрэмчдийн халдлагад өртөж нас барсан билээ. Тэр хэргээс хойш найман сарын дараа тус улсын шүүх Моника Спирийг хөнөөсөн гурван гэмт хэрэгтэнд ял оноожээ.
Мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар Валенсиагаас Пуэрто-Кабельо хүртэлх замаар явж буй тээврийн хэрэгслүүдийг дээрэмддэг томоохон бүлэглэлийн гурван залуу тус хэргийг үйлджээ. Шүүх эдгээр гурван дээрэмчдэд чанга дэглэмтэй хорих ангид 24-26 жил хорих ял оноосон байна. Моника Спир тэр үед Америкт амьдардаг байсан бөгөөд нөхөр охин хоёртойгоо амрахаар нутагтаа ирж, Мерида хотоос нийслэл Каракас хотыг чиглэн явж байхад нь гэмт этгээдүүд зам дээр хурц иртэй зүйл тавьж, машиных нь дугуйг хагалж, дараа нь гал нээсэн байна. Улмаар Спир нөхрийн хамт газар дээрээ нас барж, тэдний охин Маяа хөлөндөө сумны шарх аван эмнэлэгт хүргэгдэж байжээ.
2004 оны Венесуэлийн миссээр өргөмжлөгдөж, гоо сайхны хатан хаан хэмээн алдаршсан Моника Спирийн аллага гэмт хэргийн эсрэг жагсаал хөдөлгөөнд иргэдийг урин дуудсанаар Засгийн газар дээрмийн бүлэглэлийн эсрэг арга хэмжээгээ чангатгах болсон юм. Тус улс гэмт хэргийн гаралтын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсдаг билээ.