Европын Холбоо /ЕХ/ Оросын эсрэг хоригоо ахин хэлэлцэнэ
ЕХ-ны зүгээс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийнхээ талаар долоо хоногийн дараа хэлэлцэхээр боллоо гэж ОХУ-ын санхүүгийн мэдээллийн нэр хүндтэй сэтгүүл болох “Коммерсант” мэдээлсэн байна. Уг сэтгүүлийн ярилцлагын зочны өгүүлснээр, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн цаашдын өрнөлийг хэрхэх талаар энэ сарын 30-ны өдөр ЕХ-ны гишүүн орнуудын суурин төлөөлөгчдийн зөвлөлийн түвшинд Брюсселд шийдвэр гаргах аж.
Харин ЕХ-ны дипломат тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Майя Коциянчич энэ талаарх мэдээллийг яг баталгаатай гэж өгүүлээгүй бөгөөд тус байгууллагын гадаад бодлогын албанаас тухайн өдөр “Минскийн энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх цогц бодлого, ялангуяа гал зогсоох дэглэмийн тухай” суурин төлөөлөгчдөд танилцуулах болно гэжээ.
“Коммерсант” сэтгүүлийн ярилцлагад дурдсанаар, тухайн өдөр суурин төлөөлөгчид илтгэлтэй танилцсаны дараа өөр өөрсдийн орны удирдлагуудтай холбогдон, цаашид Оростой холбоотой авсан хоригоо хэрхэх тухай зөвлөлдөх бололтой. Ингэснээр, хориг арга хэмжээнүүдээ хэсэгчлэн цуцлах байдлаар Москвад таатай нөхцөл боломжийг гаргах магадлалтай байгаа аж.
Дашрамд дурдахад, энэ оны гуравдугаар сарын 17-ноос хойш ЕХ Оросын эсрэг есөн багц хоригийг тавиад байгаа билээ. Үүнд: 119 хувь хүн, 23 хуулийн этгээдийн эсрэг хориг хязгаарлалт тавигдсан, мөн Оросын эрчим хүч, санхүү, батлан хамгаалах салбаруудад хориг арга хэмжээ авагджээ. Эдгээр нь ерөнхийдөө Крымтэй холбоотой үүссэн бөгөөд түүнийг Орост нэгтгэсэн явдлыг ЕХ эзлэн түрэмгийлэл гэж нэрлэсэн юм.