Тайхо аваргын хөшөө ОХУ-д сүндэрлэв
Японы мэргэжлийн сүмогийн Их аварга Тайхо ОХУ-ын Сахалин арлын Поронайск хотод амьдралынхаа эхний таван жилийг өнгөрөөсөн билээ. “Аугаа галт шувуу” хочит бөх 1940 оны тавдугаар сарын 29-нд энд төрсөн юм. Домогт аваргын аав нь Маркиян Борышко гэдэг украин хүн байжээ. Тэрбээр хүүгээ Иван гэж дууддаг байсан гэнэ.
Сахалин арлыг Зөвлөлтийн арми эзлэсний дараагаар Тайхо япон ээжтэйгээ Наран улсыг зорьсон юм. Тайхо аварга мэргэжлийн сүмогийн 32 башёд түрүүлсэн билээ. Түүний энэ амжилтыг өнөөг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байгаа. Монголын Их аварга Хакүхо М.Даваажаргал л тун энэ амжилтад тун ойртоод байгаа юм. Түүнд гуравхан түрүү үлдээд байгаа билээ.
Тайхо аваргын дурсгалыг Сахалин арал дээр мөнхжүүлэх санааг япончууд гаргасан байна. Хэсэг нөхдүүд 230 сантиметр өндөр хөшөөг бүтээж, тээвэрлэн суурилуулах ажилд зориулан 80 мянган доллар цуглуулсан аж. Харин Оросын тал хөшөөг байрлуулсан газрыг тохижуулахад төсвөөсөө найман сая рубль гаргаж өгсөн гэнэ. 48 дахь Их аварга Тайхо өнгөрсөн оны нэгдүгээр сард өөд болжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/56744.shtml#sthash.EdZDtHyx.dpuf