ОХУ хүмүүнлэгийн шинэ тусламжийн талаар Украинтай ярилцаж байна
ОХУ-ын зүгээс Украины зүүн өмнө зүг рүү Улаан Загалмайн Нийгэмлэгийн ивээл дор илгээх энэ удаагийн тусламжийн цувааны бүрэлдэхүүн хэсэгт сайн дурын эмч нар орох талаар хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд тэдний тусламж тус бүс нутагт ус агаар мэт хэрэгтэй байгаа аж.
Хэрэв хэлцэл амжилттай болбол хоёр дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламж мөдхөн илгээгдэхээр төлөвлөгдөж байна. Харин энэ удаад хүнсний бүтээгдэхүүн бус, эмч нарын баг явах бөгөөд Украины зүүн өмнө хэсэгт эмч, эмнэлгийн ажилтнууд бараг үлдээгүй бололтой. Тэгээд ч, харилцаа холбоо таслагдсан учраас түргэн тусламж дуудахад маш хүндрэлтэй байгаа аж.
Луганскийн нэгэн талбай дээр хүмүүс дугаарлан зогсож, Оросоос ирсэн хүнсний тусламжийг авцгааж байна. Голдуу лаазалсан нөөш тараагдаж байгаа ба энгийн ууталсан цай авахдаа ч иргэд маш их баяртай байгаа гэнэ.
Иловайскт гэхэд, иргэд буудалцаанаас айгаад гэрээсээ гарч чадахгүй байгаа тул тусламжийн барааг ихэвчлэн гэрээр нь тарааж байгаа аж. Олон иргэд гэрийнхээ доод хонгилд толгой хоргодож байгаа бөгөөд тэдний ихэнх нь өөр тийш нүүж чадаагүй тэтгэврийн хөгшид байгаа юм байна.
“8-р сарын 4-нөөс хойш бид ямар ч ус, гэрэл цахилгаан, бие засах газаргүй шахуу доод зоорийн хонгилдоо 25 хоног амьдарч байна. Хотын удирдлагууд бүгд дүрвэцгээсэн. Бид бороо орвол бөөн баяр хөөр болж, борооны усаар л голоо зогооцгоож байна” хэмээн хөгшчүүд ярьцгаажээ.
Энэ мэтчилэнгээс харахад, ганц удаагийн хүмүүнлэгийн тусламж огтхон ч хангалтгүй бөгөөд хүйтний улирал ойртох тусам нөхцөл байдал улам хүндрэхээр байна.