МН370-ыг хакерууд унагасан уу?

2014 оны 8 сарын 08

Малайзын агаарын тээврийн компанийн МН370-р нислэгийн Боинг 777-200 онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдөр сураггүй болсон нь хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн нууцлаг онгоцны сүйрлийн хэрэг болоод буй юм. Онгоцны сургийг гаргахын төлөө Австралийн Засгийн газар өнөөдөр ч хичээл зүтгэл гаргаж, өчигдөрхөн эрлийн ажлыг өрнүүлэхэд шаардлагатай 50 сая ам.долларын хөрөнгийг шийдчихлээ. 

Тэгвэл энэ хооронд АНУ-ын Лас Вегас хотын Мандалэй Бэй казиногийн байранд болсон “Хар малгай” хэмээх олон улсын мэдээлэл технологийн чуулга олны анхаарлыг татав. Энэ уулзалтад онлайн системийн мэргэжилтнүүд оролцож, дижитал ертөнцийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар эрдэм мэдлэгээ солилцдог юм. Чуулганы үеэр USB оролтын сул тал, Гүүгл Гласс хэмээх шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийнхээ банкны дансны нууц дугаар зэрэг баримт мэдээллийг бусдад алдахад хялбар болгосон зэрэг асуудал хүчээ авсан байна. 

Гэхдээ нэг сэдэв бусдаас онцгой байж чадсан нь дээрх Малайзийн онгоц сураггүй болсонтой холбоотой онол юм. Хиймэл дагуулын харилцаа холбооны аюулгүй байдлыг хариуцан ажилладаг  АйӨүАктив компанийн мэргэжилтэн Рубен Сантамартагийн ярьснаар хиймэл дагуулын харилцаа холбоо гадны халдлагад өртөх эрсдэл нь 100 хувь гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Шалтгаан нь олон төрлийн арын хаалга, хэт нууцалсан мэдээлэл, бүртгэгдээгүй эсвэл алдагдах аюултай протокол эсвэл сул шифрлэсэн алгоритм зэрэг юм. Эдгээр шалтгаанаас болж халдан довтлогч хичнээн алсаас ч тухайн бүтээгдэхүүнийг зоргоороо удирдах, өөрчлөх боломжтой болдог аж. 

Ноён Р.Сантамарта хиймэл дагуулын харилцаа холбооны систем, төхөөрөмжүүдийн сул талд хийсэн анализынхаа дүнг танилцуулсан байна. Хэдийгээр тэрбээр МН370 нислэгийн талаар шууд дурдаагүй ч усан онгоц, нисэх онгоц, цэргийн систем, онцгой байдлын төхөөрөмж, хэвлэл мэдээлэл, аж үйлдвэрийн факультет зэрэг нь хакеруудын халдлагад хамгийн ихээр өртдөг салбар гэдгийг онцолсон юм. Ингэхээр МН370 дээрх онолын дагуу алга болсон нь өндөр магадлалтай хэрэг гэнэ. 

Интернэшнл Бизнес Таймс өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдрийн дугаартаа МН370-ыг алга болохоос таван сарын өмнө Боинг компани 777 загварын онгоцнуудынхаа  дижитал системийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авсан тухай бичиж байлаа. Түүний дараа Их Британийн Сандэй Экспресс тус улсын Дотоод хэргийн яамны сайдын шинжлэх ухааны зөвлөх байсан Доктор Салли Лейвслигээс эш татаж, “МН370 нислэгийн онгоц дэлхийн анхны кибер хулгайн хэрэг байж болзошгүй” гэснийг онцолсон байсан юм. 

Доктор С.Лейвсли нь хувьдаа бизнесийнхэн болон Засгийн газруудад террорист, хакерын халдлагатай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлдэг компанитай аж. Түүний тайлбарласнаар хакерууд онгоцны системд нэвтэрч радио дохио илгээн алсаас удирдан өндөр болон хурд, чиглэлийг нь ч өөрчлөх боломжтой аж. Бүр дэлгэрүүлбэл халдан довтлогч этгээд онгоцны дижитал системийг эвдэж, гар аргаар залах, автонислэгийн горимд шилжүүлэн удирдах зэрэг олон арга байж болох талтай. Хамгийн сонирхолтой нь мэргэшсэн хакерууд ийм халдлага үйлдэхдээ гар утас, USB төхөөрөмж зэрэг энгийн зүйлсийг ашиглаж чаддаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6755
0 эможи
keyboard_arrow_up