Хятадад 47 настай иргэн экскаватороор төрийн үйлчилгээний төвийг НУРААЖЭЭ

Хятадын Шааньси мужийн Сиань хотод нэгэн эрэгтэй төрийн үйлчилгээний төвийн үүдний саравчийг экскаватороор нурааж, шат болон ойролцоох барилгуудын гадна хэсгийг гэмтээжээ.
Хэрэг арваннэгдүгээр сарын 9-ний өглөө Сисянь шинэ бүсийн Фэндүн дэх төрийн үйлчилгээний төвд гарсан байна.
Сисянь шинэ бүсийн цагдаагийн газраас мэдээлснээр, дуудлагын дагуу очсон алба хаагчид 47 настай эрэгтэйг газар дээр нь саатуулжээ. Хүн гэмтээгүй бөгөөд тус төвийн үйл ажиллагаа мөн өдрийн үдээс хойш хэвийн үргэлжилсэн байна.
Хятадын хэвлэлд мэдээлснээр, тухайн иргэн мал аж ахуйн фермийг нь нүүлгэн чөлөөлөхтэй холбоотой нөхөн олговорт сэтгэл дундуур байсан байж болзошгүй гэнэ.
Цагдаа нар хэргийн нөхцөл байдлыг шалгаж байгаа бөгөөд албан мэдэгдэлдээ үйлдлийн шалтгааныг дурдаагүй байна.

