Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Австралийн Сидней хотод 17 настай охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Монгол Улсын иргэн Ё.А-г шүүхээс цагаатгажээ.

Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 3-нд Сидней хотын цагдаагийн байгууллага Монгол Улсын иргэн Ё.A-г саатуулж, 17 настай охинтой холбоотой бэлгийн хүчирхийлэл болон хууль бусаар саатуулсан гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Тухайн үед тэрээр DiDi такси үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан бөгөөд Сиднейн олон улсын нисэх буудалд зорчигч хүргэж өгөх үеэрээ баривчлагдсан талаар Австралийн хэвлэлүүд мэдээлж байв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүд зөрүүтэй болж, прокурорын зүгээс яллах үндэслэл суларсан гэж үзсэнээр түүнийг зургаадугаар сарын 12-нд батлан даалтаар сулласан байна.

Улмаар 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Сидней хотын орон нутгийн шүүх хэргийг хэлэлцэж, Ё.А-г гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоон, цагаатгах шийдвэр гаргажээ.

Энэ хугацаанд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилласан байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу арваннэгдүгээр сарын 9-нд Ё.А-г гэр бүлийн хамт Австралийн Канберра хотод хүрэлцэн ирж, Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлжээ.

Ийнхүү зургаан сар орчим үргэлжилсэн хэрэг Монгол Улсын иргэнийг цагаатгасан шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671458
1 эможи

keyboard_arrow_up