NASA сарын ₮48 саяын цалинтай шинэ сансрын нисгэгчдээ ХАЙЖ эхэллээ

АНУ-ын Агаарын нислэг, сансар судлалын үндэсний агентлаг буюу NASA шинэ сансрын нисгэгчдийн сонгон шалгаруулалтаа зарлажээ.
Тус агентлагийн арваннэгдүгээр сарын 7-ны мэдээллээр өргөдлийг 2026 оны арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал хүлээн авна.
Сонгогдсон хүмүүс Сарны гадаргуу дээр ажиллах, дэлхийгээс гадна амьдрах, цаашдын Ангараг гарагийн нислэгийн бэлтгэлд хувь нэмэр оруулах чиглэлээр сургалтад хамрагдах юм.
Гэхдээ сонгон шалгаруулалтад АНУ-ын иргэн байх шаардлагатай. Мөн инженерчлэл, биологи, физик, компьютерын шинжлэх ухаан, математик зэрэг чиглэлээр магистрын зэрэгтэй, холбогдох мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх үндсэн шалгуур тавьжээ. Нисгэгч болон эмч нарт туршлагыг дүйцүүлэн тооцох тусгай нөхцөл үйлчилнэ.
Сонгогдсон сансрын нисгэгчийн нэр дэвшигчийн жилийн цалин 164,395 ам.доллар буюу сарын дунджаар 13,700 орчим ам.доллар байна.
Энэ нь 2026 оны цалингийн жишиг бөгөөд 2027–2028 оны өөрчлөлтөөр шинэчлэгдэх боломжтой гэж албан зарт дурджээ.
Өргөдөл гаргагчид урт хугацааны сансрын нислэгийн эрүүл мэндийн шалгуурыг хангаж, манлайлах, багаар ажиллах, харилцах чадвартай байх ёстой.
NASA эцсийн сонголтоо 2027 оны сүүлээр хийж, шинэ нэр дэвшигчдийн сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сонгогдох нь Сар руу заавал ниснэ гэсэн баталгаа биш бөгөөд нислэгийн багийн томилгоог дараагийн шатанд шийдвэрлэнэ.
Эх сурвалж: NASA

