Антарктидад оцон шувуу тоолох ажилд хүн авна

Оцон шувуу тоолж, дэлхийн хамгийн өмнөд шуудангийн салбарт ажиллахын зэрэгцээ Антарктидад амьдрах боломж бий. Гэхдээ энэ ажилд байгалийн үзэсгэлэнг сонирхохоос гадна биеийн тэсвэр, багаар ажиллах чадвар шаардлагатай.
Их Британийн Антарктидын өвийг хамгаалах сан буюу UK Antarctic Heritage Trust нь Порт-Локрой дахь хуучин судалгааны баазын улирлын үйл ажиллагааг хариуцах ажилтнуудыг сонгон шалгаруулдаг.
Албан тушаалаас хамааран сарын хөлс нь 1,449–2,096 фунт стерлинг байдаг бөгөөд байр, хоол, зайлшгүй шаардлагатай туйлын хувцас, ажлын аяллын зардлыг сан хариуцдаг байна.
Ажилтнууд оцон шувууны үүр, өндөг, дэгдээхэйг тоолж, цуглуулсан мэдээллээр шувуудын тоо толгойн өөрчлөлт болон аялал жуулчлалын нөлөөг судлахад тусална. Мөн музей, бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж, жуулчдыг хүлээн авч, шуудангийн илгээмжийг ангилан боловсруулдаг аж.
Харин амьдрах нөхцөл нь хотын тав тухаас эрс ялгаатай. Усан хангамжийн шугам, үүрэн холбоогүй орчинд ажиллаж, унтлагын өрөөгөө бусадтай хуваалцана. Ус зөөх, хүнд хайрцаг өргөх, цас цэвэрлэх, завинаас ачаа буулгах зэрэг биеийн хүчний ажил ч хийнэ.
1944 онд байгуулагдсан Порт-Локрой нь өдгөө Антарктидын аяллын хөлөг онгоцуудын зогсдог түүхэн дурсгалт газар болжээ. Энд ажиллах баг цөөн хүнтэй учраас хүн бүр үндсэн үүргийнхээ зэрэгцээ баазын өдөр тутмын ажилд оролцдог.
Өргөдөл гаргагч нь Их Британид оршин суудаг, тус улсад ажиллах эрхтэй байх шаардлагатай байна.
Эх сурвалж: UK Antarctic Heritage Trust

