Загасанд явсан Австрали эр нэг сая доллартай гэртээ харьжээ

Австралийн Дарвин хотын 26 настай оршин суугч Мэттью Морис энгийн нэгэн загасчлалын аяллаар яваад нэг сая австрали долларын эзэн болжээ.
Тэрбээр 10 дугаар сарын 29-нд гадаадаас ирсэн дүүтэйгээ хамт загасчлахаар гарсан байна. Тэд Хойд Нутаг Дэвсгэрийн Корробори Биллабонг хэмээх усан сан руу явж, оройн цагаар загасчилж байжээ.
Энэ үеэр Мэттью 80 гаруй см урттай баррамунди төрлийн загас барьсан бөгөөд загасны биед байсан тод улаан тэмдэг түүнийг нэг сая австрали долларын шагналтай загас болохыг илтгэсэн байна.
Тодруулбал, тэрбээр Австралийн Хойд Нутаг Дэвсгэрт зохион байгуулдаг “Million Dollar Fish” загасчлалын уралдаанд оролцож байсан бөгөөд энэ жилийн цорын ганц нэг сая долларын шагналтай загасыг барьжээ.
Мэттью Морис энэхүү уралдааны 12 жилийн түүхэнд дээд шагналыг хүртсэн хоёр дахь хүн болсон байна.
Тэрбээр хожсон мөнгөөрөө орон сууц худалдан авч, өр төлбөрөө барагдуулаад, үлдсэн хэсгийг ухаалгаар зарцуулахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.
Харин тус уралдаан 2027 оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд тус бүр 10 мянган австрали долларын шагналтай 96 загас одоогоор баригдаагүй үлдсэн байна.


