Анак-Кракатау галт уулын дэлбэрэлтийн улмаас Индонезийн нислэгийн хөдөлгөөнд саад учирчээ

2026 оны 9 сарын 08

Arslan.mn

Индонезийн Сундагийн хоолойд орших Анак-Кракатау галт уулын идэвхжил нэмэгдэж, агаарт их хэмжээний галт уулын үнс тархсаны улмаас тус улсын баруун хэсгийн нислэгийн хөдөлгөөнд саатал үүсээд байна.

Галт уулын үнсэн үүл нисэхийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй тул Индонезийн эрх баригчид Жакарта болон ойролцоох хэд хэдэн нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаж, заримыг нь хаасан байна. Үүний улмаас дотоодын болон олон улсын олон тооны нислэг цуцлагдах, хойшлох, чиглэл өөрчлөх нөхцөл үүсжээ. 

Индонезийн нисэх буудлын операторын мэдээлснээр, 9 дүгээр сарын 7-ны байдлаар зөвхөн Жакартагийн Соекарно-Хатта олон улсын нисэх буудалд 624 нислэгийн үйл ажиллагаа доголдож, үүнд 461 дотоодын, 156 олон улсын болон 7 ачаа тээврийн нислэг багтсан байна. Нийтдээ 75 мянга гаруй зорчигчид уг сааталд өртжээ. 

Үүнээс өмнө Индонезийн тээврийн байгууллагын мэдээлснээр, Анак-Кракатаугийн үнсэн үүлний улмаас найман нисэх буудлын үйл ажиллагаа доголдож, 1,500 гаруй нислэг, 170 мянга орчим зорчигч өртсөн байна. Зарим мэдээллээр саатсан болон цуцлагдсан нислэгийн нийт тоо 3,000-д ойртсон байна. 

Анак-Кракатаугийн үнсэн үүл зарим үед ойролцоогоор 15,000 метр буюу 50,000 футын өндөрт хүрсэн нь нисэхийн аюулгүй байдалд онцгой анхаарах шалтгаан болжээ. Галт уулын үнс нь онгоцны хөдөлгүүр болон бусад системд гэмтэл учруулах эрсдэлтэй тул нислэгийн чиглэлд үнсэн үүл байгаа тохиолдолд нислэгийг хойшлуулах, цуцлах арга хэмжээ авдаг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670556
0 эможи

keyboard_arrow_up