Meta компани өсвөр үеийнхнийг “нийгмийн сүлжээнд донтуулсан“ гэх хэргээр ШҮҮХЭД дуудагдаж байна

АНУ-ын 29 мужийн эрх баригчид "Meta Platforms" компанийн эсрэг өсвөр насныхныг фэсбүүк болон инстаграм зэрэг платформд хэт удаан хугацаагаар байлгах, донтох шинжтэй хэрэглээг өдөөсөн функцүүдийг зориудаар хөгжүүлсэн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн дагуу холбооны шүүхэд хэрэг хянан хэлэлцэж байна.
Шүүх хурал Калифорни мужийн Оакланд хотод эхэлсэн бөгөөд зургаан долоо хоног үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Мужийн эрх баригчид Meta компани өсвөр үеийнхний сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан хэрэглэгчдийг платформ дээр удаан байлгах зорилгоор хязгааргүй гүйлгэх, алгоритмын санал болголт, мэдэгдэл зэрэг онцлогийг ашигласан гэж үзэж байна. Мөн компанийн зүгээс бүтээгдэхүүнийхээ хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх эрсдэлийн талаарх мэдээллийг олон нийтээс нуусан, насанд хүрээгүй хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлээгүй гэх асуудлыг нэхэмжлэлд тусгажээ.
Хэрэгт Meta компанийн хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байсан инженер асан Артуро Бехар гэрчээр оролцож, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад хэрэглэгчийн оролцоо, ашиг орлогыг хүүхдийн аюулгүй байдлаас дээгүүр тавьж байсан гэх байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр мөн 13-аас доош насны хүүхдүүд платформ ашиглаж байгааг компанийн зүгээс хангалттай хэмжээнд илрүүлж, хязгаарлаж байгаагүй гэж мэдүүлжээ.
Харин Meta компани дээрх бүх буруутгалыг няцааж, өсвөр үеийнхнийг хамгаалах чиглэлээр “Teen Accounts” зэрэг шинэ хэрэгсэл нэвтрүүлсэн, эцэг эхийн хяналт болон контентын зохицуулалтыг сайжруулсан гэж мэдэгдэж байна.
Одоогоор Оакланд хотод үргэлжилж буй хэрэгт эцсийн шийдвэр гараагүй бөгөөд Meta компанийн буруутай эсэх, цаашид платформын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт хийх шаардлагатай болохыг шүүх тогтооно.
Түүнчлэн нийгмийн сүлжээний хэрэглээ өсвөр үеийнхний сэтгэл зүйд шууд хор нөлөөтэй гэсэн асуудлаар шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлт байхгүй гэж компанийн өмгөөлөгчид маргаж байна.
2026 оны гуравдугаар сард Калифорнийн Лос-Анжелес хотод болсон тусдаа хэрэгт тангарагтны шүүх Meta болон YouTube-ийг хэрэглэгчид донтох шинжтэй бүтээгдэхүүн хөгжүүлсэнтэй холбоотойгоор хариуцлага хүлээлгэж, нийт 6 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байдаг.
|
Эх сурвалж: Reuters, Associated Press
|
