ОХУ өөрсдөө Энэтхэг, Беларусь, Казахстанаас шатахуун авч эхэлжээ

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт шатахууны хомсдол дахин эрчимжиж, автомашины шатахуун түгээх станцууд бензиний борлуулалтад хязгаарлалт тогтоож эхэлсэн талаар Reuters мэдээллээ.

Наймдугаар сарын эхнээс эхэлсэн хомсдолын шинэ давалгаа одоогоор ОХУ-ын дор хаяж 10 бүс нутагт борлуулалтын хязгаарлалт сэргээхэд хүрээд байна. 

Шатахууны нийлүүлэлтэд гарсан доголдлын гол шалтгааны нэг нь Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаж буй явдал гэж мэдээлжээ.

Тухайлбал, Оренбург муж дахь Орскийн газрын тос боловсруулах үйлдвэр наймдугаар сарын 11-ний халдлагын дараа ажиллагаагаа зогсоосон бөгөөд үйлдвэрийн засвар хэдэн сар үргэлжилж болзошгүй байна. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 5.76 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай. 

Үүний зэрэгцээ Москва орчмын зарим шатахуун түгээх станцад бензин тасарсан тухай мэдээлэл гарсан бол дизель түлш харьцангуй хүртээмжтэй хэвээр байгаа аж. Оренбург, Липецк, Красноярск зэрэг бүс нутагт мөн шатахууны борлуулалтад дахин хязгаарлалт тогтоож эхэлсэн байна. 

ОХУ-ын Засгийн газар дотоодын нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд шатахууны экспортод хориг тавих, түлшний чанарын зарим шаардлагыг сулруулахын зэрэгцээ гадаадаас шатахуун импортлох арга хэмжээ авч байгаа юм.

Тус улс Энэтхэгээс анхны томоохон бензиний ачааг хүлээн авч, ойролцоогоор 68 мянган тонн бензин ОХУ-ын Арктикийн Витино боомтод хүргэгдсэн байна. Мөн Беларусь, Казахстанаас шатахуун импортолж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670259
0 эможи

keyboard_arrow_up