АНУ, Иран дайныг зогсоох урьдчилсан хэлэлцээрт хүрлээ

АНУ, Иран улсууд дайныг зогсоох хэлэлцээрт хүрсэн бөгөөд албан ёсоор гарын үсэг зурах ёслол ирэх баасан гарагт Швейцарт болно гэж Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф өнөө өглөө олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ.
Уг тохиролцооны хүрээнд бүх фронт дахь цэргийн ажиллагааг зогсоох, худалдаа, тээврийн чухал гарц болох Ормузын хоолойг дахин нээх, мөн Ираны эсрэг хэрэгжүүлж буй зарим хориг арга хэмжээг үе шаттайгаар сулруулах асуудлыг тусгажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ Ираны царцаасан хөрөнгийн тодорхой хэсгийг чөлөөлөх боломжийг хэлэлцэж байгаа бол Иран цөмийн хөтөлбөрийнхөө цаашдын өргөтгөлийг түр хугацаанд царцааж, цөмийн асуудлаар нэмэлт хэлэлцээ хийхээр зөвшөөрсөн байна. Талууд 60 хоногийн гал зогсоох хугацаанд үлдсэн маргаантай асуудлуудаа шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцээрийн мэдээ гарсны дараа дэлхийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, газрын тосны үнэ буурч, Азийн хөрөнгийн биржүүдийн гол индексүүд өсөлт үзүүлсэн байна. Шинжээчид энэхүү тохиролцоо нь бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээхэд чухал алхам болохыг онцолжээ.
Гэсэн хэдий ч хэлэлцээрийн зарим заалт Иран дахь хатуу чиглэлийн улс төрийн хүчнүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд урт хугацааны энхийн гэрээ байгуулагдах эсэх нь цөмийн асуудал болон хориг арга хэмжээний талаарх дараагийн хэлэлцээнээс ихээхэн хамаарах юм.
|
Эх сурвалж: Reuters, AP
|

