Starbucks Korea компанийн захирал ““Tank Day” нэртэй кофены аяганаас болж ажлаасаа халагджээ

Starbucks Korea компанийн гүйцэтгэх захирал Өмнөд Солонгосын түүхийн эмгэнэлтэй үйл явдлын ойтой давхцуулан зохимжгүй сурталчилгааны ажил эхлүүлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорчээ.
Даваа гарагт тус компани “Tank Day” нэртэй кофены аяганы сурталчилгааг эхлүүлсэн нь Гванжугийн бослогын ойтой давхацсан байна.
Сурталчилгаанд ашигласан “танк” гэдэг үг нь 1980 оны тавдугаар сард Гванжу хотод гарсан ардчилсан тэмцлийг тухайн үеийн цэргийн дэглэм танк ашиглан дарсныг сануулсан мэт ойлгогдож байлаа.
Үүний улмаас Өмнөд Солонгосын иргэдийн дунд Starbucks-ийн үйлчилгээнээс татгалзах хөдөлгөөн өрнөж, ерөнхийлөгч И Жэ Мюн хүртэл тус компанийн үйл ажиллагааг хатуу зэмлэсэн юм.
Starbucks Korea хэдхэн цагийн дараа сурталчилгаагаа зогсоосон бөгөөд тус кофены сүлжээг эзэмшигч Шинсэгае компани “зохисгүй маркетинг” явуулсны төлөө гүйцэтгэх захирал Сон Чон Хёныг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Уг нь “Tank Day” гэсэн англи үг сурталчилсан кофены аягаа танкер шиг их багтаамжтай гэсэн утга агуулж байсан юм байна.
Тус сүлжээ тавдугаар сарын 15-наас 26-ны хооронд Tank Series цувралын хэд хэдэн кофены аягыг урамшуулалтай борлуулах төлөвлөгөөтэй байжээ.
“Энэхүү үйл явдлын улмаас үйлчлүүлэгчдэдээ төвөг учруулсандаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Бид уг арга хэмжээг нэн даруй зогсоосон бөгөөд ирээдүйд ижил төстэй үйл явдал давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд дотоод ажиллагааныхаа хяналтыг сайжруулах болно” гэж Starbucks Korea мэдэгдсэн байна.
