Конго, Уганда дахь Эболагийн дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн ЗАРЛАЛАА

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) болон Уганда улсад дэгдээд буй Эбола вирусний халдварыг "олон улсын хэмжээнд анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал" хэмээн зарлалаа.

ДЭМБ-ын мэдээлснээр дэгдэлт нь Эболагийн ховор тохиолддог “Бундибугё” омгоос үүдэлтэй бөгөөд одоогоор энэ хувилбарт зориулсан батлагдсан вакцин, тусгай эмчилгээ байхгүй байгаа нь нөхцөл байдлыг илүү хүндрүүлж байна.

Одоогийн байдлаар Конгогийн Итури мужид халдварын голомт бүртгэгдээд байгаа бөгөөд найман лабораториор батлагдсан тохиолдол, 246 сэжигтэй тохиолдол, 80 гаруй нас баралт мэдээлэгдээд байна. Мөн халдвар хөрш Угандад тархаж, нийслэл Кампалад батлагдсан тохиолдол илэрчээ.  

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бүс нутаг дахь зэвсэгт мөргөлдөөн, хүн амын шилжилт хөдөлгөөн, уул уурхайн бүсийн хяналт сул байгаа нь халдварын тархалтыг тогтоон барихад хүндрэл учруулж байна. Ялангуяа Конгогийн зүүн хэсгийн Гома хот болон нийслэл Киншасад халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол илэрсэн нь олон улсын түгшүүрийг нэмэгдүүлжээ.  

ДЭМБ болон Африкийн Өвчний хяналт, сэргийлэлтийн төвүүд бүс нутагт эмнэлгийн баг, хамгаалах хэрэгсэл, оношилгооны төхөөрөмж илгээж эхэлсэн байна. Олон улсын онцгой байдлын зэрэглэл тогтоосноор санхүүжилт, эмнэлгийн тусламж, хил дамнасан хяналт нэмэгдэх боломж бүрдэх юм.  

Эбола вирус нь халдвартай хүний цус, биеийн шингэн болон бохирдсон эд зүйлтэй шууд хүрэлцэх замаар дамждаг бөгөөд өндөр нас баралттай өвчинд тооцогддог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668918
0 эможи

keyboard_arrow_up