Ираны авиа компаниуд Истанбул, Маскат, Бээжингийн чиглэлд хийдэг нислэгүүдийг сэргээнэ

Техран хотын Имам Хомейнигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал бямба гаргаас эхлэн Истанбул, Маскат, Бээжингийн чиглэлд хийдэг нислэгүүдийг сэргээнэ гэж Ираны мэдээллийн Mehr News агентлаг мэдээллээ. Эдгээр нь дайн эхэлснээс хойш зогсоод байсан иргэний агаарын тээврийн анхны нислэгүүд юм.
Мөн эхний ээлжинд бүс нутгийн чиглэлүүд болох Ойрх Дорнод, Төв Ази болон зарим Европын хотууд руу нислэгүүдийг сэргээх төлөвтэй байна. Үүнд үндэсний тээвэрлэгч Iran Air болон хувийн хэвшлийн Mahan Air, Qeshm Air зэрэг авиа компаниуд оролцоно.
Албаныхны мэдээлснээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийн өмнөх шалгалт, онгоцны техникийн үзлэг, нисэх багийн бэлэн байдлыг сайтар хангаж байгаа аж. Мөн олон улсын нисэх буудлуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлж, нислэгийн хуваарийг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар нислэгүүд сэргэсэнээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд бүс нутгийн агаарын тээврийн урсгал аажмаар хэвийн байдалдаа орно гэж үзэж байна.
