Эбола тахалтай тэмцэхэд 200 сая ам.доллар гаргана

2014 оны 8 сарын 06

Либери, Сьерра-Леон, Гвиней улсад гарсан Эбола өвчний тахлыг дарахад яаралтай тусламж болгож  Дэлхийн банк 200 сая ам.доллар өгөхөөр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Эмчлэх боломжгүй энэ өвчин сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор Өрнөд Африкт хэдэн зуун хүний аминд хүрээд байгаа билээ. Өвчин тархсан орнууд нь Африкт төдийгүй дэлхийд хамгийн ядууд тооцогддог тул эдгэрэшгүй өвчний тархалтыг зогсоож дийлэхгүй эдгээр улсад ийн олон зуун сая долларын тусламж үзүүлэхээс өөр аргагүй болжээ. Тусламжийн мөнгийг халдвар гарсан орнуудын эрүүл мэндийн салбарыг сайжруулах, тахал дэгдсэний улмаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван гарахад зарцуулах аж.

Үүнтэй зэрэгцэн Африкийн хөгжлийн банкнаас эбола өвчний тахал дэгдсэн улсад 50 сая ам.доллар өгөхөөр болсон тухай мэдээ ирж байна. Мөн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэ гурван улсад аюулт өвчний тархалтыг дарахад тусламж болгон кампанит аян өрнүүлж, 100 сая ам.доллар цуглуулахаар болсноо мэдэгдлээ.
Одоогоор Либери, Сьерра-Леон, Гвинейд эбола өвчнөөс болж нас барсан хүний тоо 900, халдвар авсан хүн 1300 –д хүрсэн байна. Энэ нь эбола өвчин гэж байдгийг илрүүлснээс хойших 40 жилийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрч, том газар нутгийг хамарсан тохиолдол гэдгийг ДЭМБ-ын захирал Маргарет Чэн онцолжээ.


Өвчний анхны тохиолдол энэ оны хоёрдугаар сард Гвинейд бүртгэгдсэнээс хойш эрчимтэй тархан хөрш зэргэлдээ Либери, Сьерра-Леоне улсын хилийг давжээ. Мөн өчигдрийн мэдээгээр Нигери улсад эбола өвчнөөр гурван хүн нас барсан байна.

Өвчний халдвар гарсан улсуудад сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудыг хааж, эболагаар хамгийн олон хүн нас барсан мужид хөл хорих хатуу дэглэм сахиж эхэлжээ. Тухайлбал, хөл хорих дэглэм буюу карантиныг сахихад Сьерра-Леоне улсад 750 цэргийн албан хаагч оролцож байгаа бол Либерид халдвар гарсан бүс орчмын шалган нэвтрүүлэх цэгүүдийг цагдаа нар хамгаалахаар болжээ.
Эдийн засаг, санхүүгийн хувьд ядуу улсууд тул халдварын тархалтыг хянах, өвдсөн хүмүүсийг эмчлэх эмч, мэргэжилтнүүд ихээхэн дутагдаж байна. Иймд ОХУ-аас эхлээд АНУ хүртэлх дэлхийн том гүрнүүд аймшигт өвчнийг давж гарахад нь тусламж болгож дээрх гурван орон руу тахал, вирус судлаач эмч, мэргэжилтнүүдээ явуулж байна.

Эбола гэж нэрлэгдсэн цус алдуулдаг чичиргэнэ нь онц  халдвартай бөгөөд одоогийн байдлаар эдгэрэшгүй өвчин юм. Статистик мэдээнээс үзвэл энэ өвчний халдвар авсан хүнмүүсийн 90 хувь нь нас бардаг аж. Эболагаар өвдсөн хүний эдлэж хэрэглэж байсан зүйлс, шүлс, нулимс, хөлс, цус зэрэг зүйлсээр халдвар тархдаг байна. Халдвар авсан үед булчин, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг анхлан мэдрэгдээд яваандаа өвчин даамжрахын хэрээр бөөлжих, гүйлгэх, гадуур ба дотуур цус алдан үхэлд хүргэдэг. Эбола өвчин нь зэрлэг амьтдаас хүнд халдварладаг бөгөөд дараа нь хүнээс хүнд гэсэн замаар шилждэг. Эбола вирусын байгаль дахь тээгч нь “Pteropodidae” бүлийн сарьсан багваахай юм байна. 
Одоогоор энэ өвчнийг эмчлэх эм, урьдчилан сэргийлэх тарилга гэж байхгүй байгаа нь хамгийн түгшүүртэй мэдээ юм. Учир нь, дэлхийн түүхэнд эмчлэх, урьдчилан сэргийлэх аргыг нь олоогүйн улмаас хэсэг газрын өвчин газар авч хэдхэн жилийн дотор олон сая хүний аминд хүрч байсан тохиолдол цөөнгүй.

Жишээлэхэд, 541—750 онд Дорнод Ромын эзэнт гүрний эрхшээж байсан нутагт хэсэгчлэн дэгдэж байсан тарваган тахлын улмаас хоёр зуун жилийн дотор 100 сая хүн нас барж байжээ. Судар бичигт тэмдэглэгдсэнээр 554 оны үед тахал оргил цэгтээ хүрэхэд Дорнод Ромын эзэнт улсын нийслэл Константинополь буюу одоогийн Туркийн Стамбул хотод өдөрт 5000-10000 хүн нас барж байсан байдаг.
Үүний дараа 1346—1353 онд  “Хар үхэл” нэртэйгээр Ази, Европ, Гренланд арал хүртэл тархаж, 60 сая хүний аминд хүрсэн түүхтэй. Тахлын улмаас тухайн үеийн Өрнөд Европын хүн амын 30 хувь нь устсан гэсэн тооцоо ч бий. Хамгийн аймшигтай нь тахлын эхний давалгаа дууссаны дараа 1361, 1369 онд дахин дэгдэж тухай бүртээ олон сая хүний амийг авч одсон байдаг. Ийм олон сая хүнээ богино хугацаанд алдана гэдэг ямар ч улс орон, нийгмийн хувьд асар том цохилт. Тухайлбал, энэ тахлын улмаас Европ тивийн хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, соёл, шашны бүтцэд ихээхэн өөрчлөлт гарсан бөгөөд зарим судлаачийн бүтээлд энэ тахлын үр дагавар 400 жилийн туршид мэдрэгдэж байгаад 19 дүгээр зууны эхэнд л бүрэн арилсан гэдгийг нотолсон байдаг.

Анагаах ухаан өндөр хөгжөөгүй байсан дундад зуунд байдал ийм байсан ч шинжлэх ухаан бүхэлдээ харьцангуй өндөр түвшинд гарсан 20 дугаар зуунд ч байдал онц өөрчлөгдсөнгүй.
1918—1919  онд, бүр тодруулбал 18 сарын турш дэгдсэн “Испани” нэртэй томуу өвчний тахал тухайн үеийн дэлхийн хүн амын 29,5 хувь буюу 550 сая хүнд халдварлан 100 сая орчим хүн нас барсан байдаг. Дэлхийн нэгдүгээр дайныг даган галт тэрэг, дирижабль, онгоц, машин гээд харилцаа холбоо түлхүү хөгжсөн үед гарсан тул хамгийн анх Испанид дэгдээд байсан томуу асар богино хугацаанд Европ тивийг төдийгүй Атлантын далайн гатлан Америк тивийн дайрсан болохоор томууны улмаас нас барсан хүний тоо 100 сая гэсэн аймшигтай тоонд хүрсэн байдаг.

Зорчигч болон ачаа тээврийн харилцаа асар өндөр түвшинд хүрсэн орчин үед энэ халдвар яаж тархах байсныг хэлэхэд хэцүү.
“SARS”  нэртэй нэгэн томууны тахал дэлхий нийтийг хамарч байсныг та санаж байгаа байх. 2002 оны арваннэгдүгээр сард Хятадын Гуандунь мужид эхэлсэн энэ халдвар богино хугацаанд Хонконг, Вьетнамаар дамжин дэлхий даяар тархаж байв. Энэ өвчний халдвар авч өвдсөн нь батлагдсан хүний тоо 8400 гаруй болж, нас барсан хүн 813 болж байсан. Энэ мэт жишээ олон. 
Харилцаа холбоо тааруу­хан хөгжсөн байсан тэртээ олон зуун жилийн өмнө хэдэн арван сая хүний аминд хүрч байсан өвчин өнөөдөр хурдан онгоц, машин, галт тэрэгний эрин үед яах ийхийн зуургүй асар өргөн уудам нутгийг хамрах аюултай. Иймд ДЭМБ-ийн байгууллагаас эхлээд бүс нутгийн болон дэлхийн нийтийн шинжтэй байгууллагууд сэтгэл түгшин сая саяар нь тусламж дэмжлэг үзүүлж байгаад гайхах зүйлгүй. 

Хүн амын шилжилт хөдөл­гөөн маш эрчимтэй байдаг Европ, Америкт эбола өвчин нэг л дэгдээд эхэлбэл тогтоож барихад хэцүү гэдгийг бүгд ойлгож байгаа тул өвчнийг гадагш гаргалгүйгээр голом­тод нь устгах, тогтоон барих, эмчлэх эм, аргачлал боловсруулахад онцгой анхаарч байгаа билээ. 
Жилд дэлхий дээр нийт хоёр тэрбум хүн агаарын тээв­рийг ашиглан богино хугацаанд урт замыг туулж бай­даг гэж бодвол ингэж санаа зовох, мөнгө санхүү гар­гах бүрэн үндэслэл бий. Тэр тусам вакцин байхгүй, эмчилдэг эм байхгүй эбола тархвал дундад зууны Европ шиг байдалд орохыг үгүйсгэх аргагүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6675
0 эможи
keyboard_arrow_up