Папын оршуулгын үеэр Трамп, Зеленский нар 15 минут ганцаарчлан уулзлаа
Католик шашны сүм хийдүүдийн тэргүүн хамба Францисыг оршуулах ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.
Пап Францисыг оршуулах ёслолд 50 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, хэдэн арван мянган сүсэгтэн оролцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланиагийн хамт, мөн тус улсын өмнөх Ерөнхийлөгч, католик шашинт Жо Байден нар Ватиканд хүрэлцэн иржээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн оролцохоор иржээ. Тэргүүн хатагтай Элена Зеленская, Украины төлөөлөгчид оршуулгын ёслолд оролцсон гэж В.Зеленскийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров мэдээлсэн байна. Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Андрей Сибига багтжээ.
Оршуулгын ёслол эхлэхийн өмнө Д.Трамп, В.Зеленский нар уулзаж, товчхон ярилцсан байна. 15 минут үргэлжилсэн энэхүү уулзалтыг Цагаан ордон “маш үр дүнтэй” гэж тодорхойлжээ.
Харин Украины төрийн төргүүн уулзалтын талаар Telegram сувагтаа бичихдээ “Сайхан уулзалт боллоо. Бид олон зүйлийг ярилцаж чадлаа" гэсэн байна.
АНУ, Украины удирдагчид хоёрдугаар сарын сүүлчээр Цагаан ордны Зууван танхимд ширүүхэн маргалдсанаасаа хойш анх удаа уулзлаа. Энэ удаад Украины Ерөнхийлөгч хар өнгийн өмд, цамц өмссөн байв.









