Малайзын шүүхээс Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая доллар олгох шийдвэр гаргалаа
Малайзын засгийн газар амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохиролыг яаралтай барагдуулах ёстой гэж тус улсын шүүх өнөөдөр шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүгч Сумати Муругиа энэ лхагва гарагт Малайзын засгийн газрыг 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгчийн дансанд байршуулах ёстой гэсэн тушаал гаргасан байна.
Гэсэн хэдий ч тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурал тавдугаар сарын 19-нд болно. Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.
Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.









