Куба даяар цахилгаан тасарчээ
Куба улс даяар баасан гарагт үндэсний эрчим хүчний сүлжээний үйл ажиллагаа зогссон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Эрчим хүчний хямралыг даван туулахын тулд онцгой арга хэмжээ авна гэж эрх баригчид зарласны дараа тус улс дахь хамгийн том “Антонио Гуитерас” цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож зогсжээ. Үүнээс өмнө төрийн мэдэлд байдаг хуучирч муудсан бусад цахилгаан станцыг эрчим хүчний сүлжээнээс салгасан байна.
Кубын Ерөнхийлөгч Мигел Диас-Канел Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “эрчим хүчний амин чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орны удирдлага дээд зэргээр анхаарал тавьж байна” гэжээ. Мөн Ерөнхий сайд Мануэл Марреро 18-нд шилжих шөнө нийт кубачуудад хандан телевизээр үг хэлэхдээ, нөхцөл байдал хүнд байгааг дурдсан байна.
Цахилгаан станцуудын үйл ажиллагаа байнга доголдон зогсож байгаа нь түлшний хомсдол, станцууд насжилт өндөртэй, хуучирч муудсан зэргээс шалтгаалж байгаа ажээ. Иймээс улс даяар тог цахилгаан тасрахаас өмнө зарим бүс нутагт өдөрт 12 цагаар тог цахилгааныг хязгаарлаж байв.
Одоогийн байдлаар, Кубад дунд болон дээд сургуулиудыг хаасан бөгөөд офисууд ажиллахгүй байна. Төрийн мэдэлд байдаг цахилгаан түгээх UNE компанийн мэдэгдсэнээр, онц чухал биш салбаруудын цахилгаан хангамжийг зогсоож байгаа бөгөөд гэхдэээнэ шийдвэр нь эмнэлгүүд, хүнс үйлдвэрлэгч төрийн өмчийн компаниудад хамаарахгүй ажээ. Соёл урлагийн арга хэмжээнүүдийг цуцалсан байна.
Эх сурвалж: Montsame.mn
|