Энэтхэгт шашны цуглааны үеэр шахцалдааны улмаас 100 гаруй хүн амиа алджээ
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотоос 200 километрийн зайд орших Хатрас дүүрэгт болсон шашны цуглааны үеэр шахцалдаан үүсэж, улмаар 100 гаруй хүн амиа алдсан байна.
Тодруулбал амиа алдсан 116 хүний дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд 18 хүн бэртсэн хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.
Шахцалдаанаас амьд гарсан хүмүүсийн хэлснээр цуглаан болсон газраас гарах гарц хэтэрхий нарийн байсан гэв.
Тус цуглаанд оролцохоор бүртгүүлсэн 5000 орчим хүн байсан ч цуглаан болсон газарт 15 мянга гаруй хүн очсон гэсэн мэдээлэл байна.
Шашны үйл ажиллагаа дуусахтай зэрэгцэн хэт бөөгнөрөл үүсэж, улмаар хүмүүс нэг нэгнийхээ дээрээс дарж унасан хэмээн тэнд байсан хүмүүс ярьжээ.
Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 2400 ам.доллар, бэртэж гэмтсэн хүмүүст 600 ам.долларын нөхөн олговор олгохоо мэдэгдэв.