ИРГЭН: Дубайд нэг жил орох хэмжээний бороо 12 цагийн дотор бууж, уснаас болж Оманд 18 хүний амь эрсэдсэн
Мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират улсад их хэмжээний бороо оржээ. Тус улсын нийслэл Дубайд нэг жил орох хэмжээний бороо 12 цагийн дотор буусан байна.
Саяхан дэлхийн хоёрдох хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлаар шалгарсан Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын усанд автсан бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Энэ талаар тэнд амьдардаг нэгэн Монгол иргэн " Aавдаа очиж яваа хоёр агаар дээр гацаад эргэлдэж эргэлдэж арай гэж Абу Дабигийн нисэх онгоцны буудалд түр газардлаа.
Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жил байгаагүй их хэмжээний хур бууж, Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудал болон хот тэр чигтээ үерт автжээ. Бүтэн 2 жилд ордог хур тунадасны хэмжээтэй дүйцэхүйц бороо 1 өдрийн дотор орсон. Энэ үер уснаас болж Оманд 18 хүний амь эрсэдсэн байна. Энэ зүг рүү ажил, аялалд гарч байгаа хүмүүс бодолтой байна биз ээ.
Агаар дээр ар араасаа цувж эргэлдсэн дүүрэн онгоцнууд. Буух цагаасаа хойш 4 цаг агаар дээр эргэлдсэн манай онгоц өөр хотод ч болтугай буусан нь их юм. Онгоцноос лав гаргахгүй нь бололтой. Одоо яахыг мэдэхгүй ингээд л сууж байна даа бидэн хоёр. Гэрээс гараад лав 27 цаг болж байдаг шүү. Дубай руу эргээд ниснэ гэвэл бидний өмнө 200 гаран онгоц буй гэнэ" хэмээжээ.