ОХУ: Халдлагын улмаас 130 гаруй хүн амиа алдаж,орон даяар гашуудал ЗАРЛАЛАА
“Крокус сити Холл” цогцолборт болсон террорист халдлагатай холбогдуулан ОХУ-д орон даяар нэг өдрийн гашуудал зарлалаа.
Гуравдугаар сарын 22-ны орой уг цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж халдлага үйлдсэн юм. Барилгад мөн дэлбэрэлт болж, гал гарсан.
Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас 130 гаруй хүн амиа алдсан ба энэ тоо нэмэгдэж магадгүй байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 140 гаруй хүн шархаджээ.
Оросын Ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ тусгайлан хандаж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сарын 24-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж, гүн эмгэнэл илэрхийлсний сацуу амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхээ мэдэгдэв. Төрийн тэргүүн мөн хүмүүсийг аврахад тусалсан гал сөнөөгчид, аврагчид, эмч нар, жирийн иргэдэд хандан талархлын үг хэллээ.
В.Путин мөн "энэ харгис хэргийг зохион байгуулсан бүх хүнийг" илрүүлж, шийтгэх болно гэж мэдэгджээ. Халдлагыг гардан үйлдсэн 4 хүнийг бусад хамсаатнуудынх нь хамт баривчилсан юм. Тусгай албаныхан террористуудын хамсаатнуудыг илрүүлсээр байна.
Террорист халдлагад амиа алдсан хүмүүст Орос орон даяар эмгэнэл илэрхийлж байна. Зарим бүс нутагт гуравдугаар сарын 23-наас эхлэн гашуудал зарласан бөгөөд Кузбас зэрэг хэд хэдэн бүс нутагт гурван өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: ТАСС
|