Юн Сог Ёль: Эмч нар хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг барьцаалж болохгүй
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын эсрэг чиглэсэн эсэргүүцлийн ажиллагаагаа цуцлахыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль залуу эмч нарт уриалаад, ийм тэмцэл нь хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг барьцаалсан үйлдэл болж байна гэж мэдэгджээ.
Анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн 6400 гаруй дадлагажигч эмч ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, 1600 орчим нь ажлаа хаяад байгаа энэ үед Юн Сог Ёль засгийн газрын хуралдааны үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Эрүүл мэндийн салбарын гол төлөөлөл болох дадлагажигч эмч нар, мөн энэ салбарын ирээдүй болсон анагаахын сургуулийн оюутнууд хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг барьцаалан эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж болохгүй” гэж тэрбээр хэлээд, хорт хавдартай өвчтөнүүдийн хагалгаа хойшлоод байгааг анхааруулан дурджээ.
“Үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын зэрэгцээ ард түмний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах нь төрт улс оршин тогтнохын үндэс бөгөөд Үндсэн хуулиар Засгийн газарт хүлээлгэсэн хамгийн гол үүрэг мөн” гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлснээр, Засгийн газар анагаах ухааны сургуулиудын элсэлтийн квотыг ирэх жилээс 2000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн квот /3058/ нь зөвхөн доод түвшний хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа бөгөөд шаардлагатай тооноос хавьгүй цөөн байгаа ажээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
|