Манайд өнөөдөр ирэх Германы Ерөнхийлөгч Ф.Штайнмайер гэж хэн бэ
Энэ сарын 7-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцах юм.
Мөн эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт холбогдох газруудын сайд нар гарын үсэг зурна.
Манай улс ХБНГУ-тай 1974 онд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Өдгөө 68 настай Франк-Вальтер Штайнмайэрийн хувьд 2017 онд Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2022 онд дахин улиран сонгогдсон юм. Харин өмнө нь 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан түүхтэй.
Тэрбээр эхнэртэйгээ хуулийн сургуульд танилцсан бөгөөд нэг охинтой.
2010 онд Штайнмайэр эхнэрийнхээ бөөрний донор болсон нь германчуудын хайр хүндэтгэлийг хүлээх томоохон шалтгаан болсон гэж болно. Тухайн үед тэрбээр уг шийдвэрээ “баатарлаг үйл” бус хийх ёстой зүйлээ л хийсэн хэмээн тайлбарлаж байв.