Путинтай уулзахаар Ким Жон Ун хуягт галт тэргээр Оросод иржээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ойрын өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдэгдсэн юм.
Тэгвэл Хойд Солонгос улсын төрийн тэргүүн Ким Жон Ун хуягт галт тэрэг хөлөглөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзахаар тус улсад очсон байна.
ОХУ-д хийх БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны айлчлалын үеэр хоёр тал зэвсгийн худалдаа, технологи дамжуулах асуудлыг хэлэлцэх эсэхийг Өмнөд Солонгос анхааралтай ажиглана гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чун Ха Кю мэдэгдэв.
Гэрэл зургуудаас харахад түүнийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны дэд дарга Ли Бён Чол, намын төв хорооны Цэргийн удирдлагын газрын дарга Пак Чун Чон нар дагалдан явж байгаа бололтой.
Мөн цэргийн хиймэл дагуул хөөргөх ажиллагаанд бэлтгэх хороог даргалж байсан, Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Тэ Сон, Тэнгисийн цэргийн хүчний командлагч Ким Мён Сиг, Агаарын цэргийн хүчний командлагч Ким Гван Хёг, сайд нарын танхимын орлогч дарга Пак Хун, намын Төв хорооны цэргийн аж үйлдвэр хариуцсан хэлтсийн дарга Чо Чун Рён нар ОХУ-д очно гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.