Е.Пригожиныг оршуулах ёслолд “В.Путин оролцсонгүй
Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн үүсгэн байгуулагч Евгений Пригожинийг өчигдөр Санкт Петербург хотын захын оршуулгын газарт нутаглуулжээ.
Оршуулгын ёслол хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай болж өнгөрсөн байна.
“Евгений Викторовичтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа хаалттай хэлбэрээр явагдлаа. Салах ёс үйлдэх хүсэлтэй хүмүүс Пороховское оршуулгын газарт очиж болно” гэж Вагнерын телеграм хуудсанд сүүлд товч мэдэгджээ.
Үүний дараа цэцгээр хүрээлэгдсэн булшны бараан боржин чулууны зургууд сошиал сүлжээнд олноор тарсан байна.
Пригожиноос гадна Вагнер группийн хоёр удирдлага, дөрвөн бие хамгаалагч, нислэгийн багийн гурван гишүүн өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Москвагийн ойролцоо онгоцтойгоо сүйрсэн юм.
Пригожин энэ ослоос яг хоёр сарын өмнө Кремлийн удирдагчдын эсрэг зэвсэгт бослого гаргаж байсан юм. Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнийг “урвагч” хэмээн цоллож байв.
Ослын маргааш тэр Пригожиний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “хүнд хэцүү хувь тавилантай, амьдралдаа ноцтой алдаа гаргасан ч авьяаслаг хүн” байсныг нь дурссан юм.
Өчигдөр өглөө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков оршуулгын ёслолд ерөнхийлөгч оролцох төлөвлөгөө байхгүйг мэдэгджээ.