В.ПУТИН: Зэвсэгт бослого гаргасан этгээдүүдийг “ХАТУУ ШИЙТГЭНЭ“
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан телевизээр үг хэллээ.
Путин илтгэлдээ Евгений Пригожиний нэрийг шууд дурдаагүй ч төрийн эсрэг зэвсэгт бослого гаргасан этгээдүүдийг хатуу шийтгэхээ зарлаж, Дон дахь Ростов хотод үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Үүнээс гадна Путин албан ёсны армийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Украинд тулалдаж, амиа алдсан Вагнерын хөлсний цэргүүдийг “баатрууд” хэмээн магтсан нь анхаарал татаж байна.
Өнөөдөр Пригожиний зэвсэгт хүчин Дон дахь Ростов хотын бүх цэргийн байгууламжуудыг эзлэн авснаа зарласан юм.
Их Британийн батлан хамгаалах яамны тагнуулын илтгэлд Вагнерын хүч нийслэл Москва хотын чиглэлд давшиж байгааг баталжээ.
“Вагнерын цуваа Воронеж мужийн нутгаар дамжин хойд зүгт нийслэл Москваг чиглэн хөдөлсөн нь тодорхой байна” гэж уг илтгэлд өгүүлсэн байна.