BBC: Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ
Нидерландын Хааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах зөвшөөрлийг баасан гарагт олгожээ.
Тэднийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ард иргэд, хүүхдүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү хууль бусаар албадан нүүлгэсэн хэрэгт сэжиглэж байгаа гэж Олон улсын эрүүгийн шүүх мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэхдээ, “түүхэн хариуцлага хүлээх түүхэн шийдвэр” гэсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова, ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гол баримт бичиг болох Ромын дүрмийг соёрхон батлаагүй учир уг шийдвэрийг хууль эрх зүйн талаасаа тус улсад ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл гэж мэдэгджээ.