Казахстанд парламентын ээлжит бус сонгууль эхэлжээ
Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгууль эхэллээ. Өнөөдөр мөн орон нутгийн бүх шатны төлөөллийн байгууллага болох маслихатын депутатуудыг сонгоно.
Орон нутгийн цагаар 07:00 цагт тус улсын ихэнх бүс нутагт санал авах байрууд нээгдсэн бөгөөд нийт 10 мянга гаруй байранд санал хураана. Мөн гадаадын 62 оронд 77 санах авах байр нээгдэх аж.
Санал хураалт 20:00 цагт дуусаж, сонгуулийн хороодын гишүүд санал тоолж эхэлнэ. Саналын хуудсуудыг 12 цагаас хэтрэхгүй хугацаанд тоолж дуусгах юм. Казахстаны Сонгуулийн төв хороо Мажилисын сонгууль явагдсанаас хойш 10 хоногийн дотор дүнгээ гаргана.
20 сая орчим хүн амтай Казахстанд нийт 12 сая гаруй иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад оржээ.