Ливид дайн үргэлжилсээр байна

2014 оны 7 сарын 29

Уржигдар буюу ням гарагийн орой Триполи хотоос холгүй орших нефть бүтээгдэхүүний агуулах лалын дайчдын харвасан пуужингийн цохилтод өртжээ. Үүний улмаас уг агуулахад хадгалагдаж байсан 4000 тонн нефть шатаж хүчтэй түймэр дэгдсэн байна. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа ажээ.   

Гал түймрийг хурдан унтраахгүй бол ойролцоох агуулахуудад хүрэх  магадлалтай байгаа юм байна. Агуулахыг эзэмшигч Үндэсний нефтийн компанийн удирдлагууд энэ талаар “Хэрвээ гал түймрийг даруй унтраахгүй бол аймшигт сүйрэл болно” хэмээн мэдэгдсэн байна. Ливи нь хэдийгээр газрын тос олборлогч улс боловч агуулах савны хүртээмж муу байдаг юм байна.     
 
Ливид Засгийн газрын цэргүүд болон лалын дайчдын хоорондын зэвсэгт тэмцэл үргэлжилсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Триполи, Бенгази хотод болсон тулаанд 50 гаруй хүн амь насаа алдсан байна. Харин сүүлийн 14 хоногийн дотор амь үрэгдсэн хүмүүсийн тоог гаргавал 150 гаруй болох ажээ. Гэхдээ энэ бол зөвхөн эрх баригчдын гаргасан тоо бөгөөд бодит байдал дээр хичнээн хэмжээний хохирол гарч байгааг хэн ч мэдэхгүй юм. АНУ, НҮБ, Турк улсууд Ливи улсаас дипломат ажилтнуудаа эргүүлэн татаад байна. Мөн Ливээс гарахаар явж байсан Их Британийн дипломат ажилтнуудын машин руу Тунисын хилийн оролцоо зэвсэгт этгээдүүд дайрсан байна. Тэд машин руу гал нээсэн бөгөөд азаар хүний амь үрэгдээгүй ажээ.    

Ливичүүд улс орныг 40 гаруй жил захирсан хурандаа Муаммар Каддафийг гурван жилийн өмнө АНУ болон Франц, Их Британи зэрэг барууны орнуудын дэмжлэгтэйгээр түлхэн унагасан юм. Удирдагчийн эсрэг хуйвалдааныг эхлүүлсэн сөрөг хүчний удирдагчид дарангуйлагчийг аваад хаячихвал л сайн сайхан болчихно хэмээн ард түмэнд амалж байсан ч эсрэгээрээ иргэний дайнд нэрвэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн зуун мянган ливи иргэний амь нас дайны хөлд үрэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6433
0 эможи
keyboard_arrow_up