Виктория нууранд нисэх онгоц осолдож 19 хүн АМИА АЛДЖЭЭ
Танзанийн 43 зорчигчтой нисэх онгоц Виктория нууранд осолдож 19 хүн амиа алджээ. Танзанийн Дар-эс-Салаам хотоос хөөрсөн “Precision Air” компанийн ATR-42 онгоц Букоба хотод газардах гэж байхдаа осолджээ.
Ослын газарт хүрэлцэн ирсэн аврагчид 26 хүнийг аварчээ. Хоёр нисгэгч эхэндээ амьд үлдэж осол болсон талаар албаныхантай холбогдож чадсан ч, удалгүй шархаа дийлэлгүй хоёулаа нас барсан гэдгийг Танзанийн Ерөнхий сайд мэдэгдлээ.
Ослын ойролцоо байсан завьтай загасчид аврагчдыг ирэхээс өмнө зарим зорчигчдыг онгоцноос гаргаж чаджээ. Осол гарах үед бороо орж байсан бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж осолдсон гэж урьдчилан дүгнэж байгаа аж.
Ослоос амьд үлдсэн зорчигчийн ярьснаар онгоц газардах гэж байснааа гэнэт усанд хүчтэй унасан. Онгоцон дотор хоромхон зуурт их ус орж ирэн, урд сууж байсан хүмүүс хамгийн эхэнд усанд автсан. Харин хойно сууж байсан хүмүүс онгоцноос гарч чадсан гэжээ.









