Украины эрчим хүчний станцуудын 30 хувь нь сүйрч, улс даяар цахилгаангүй болжээ
Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас хойш Украины нийт цахилгаан станцуудын гуравны нэг орчим Оросын агаарын цохилтод сүйрсэн талаар тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.
Тэрээр “Аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш Украины цахилгаан станцуудын 30 хувь сүйтгэгдсэний улмаас орон даяар эрчим хүчний тасалдал үүсээд байна. Путины дэглэмтэй хэлэлцээр хийх орон зай үлдсэнгүй.” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Крымийн гүүрний дэлбэрэлтийн өшөөг авах зорилгоор аравдугаар сарын 10-нд Оросын арми Украины дэд бүтцэд өргөн цар хүрээг хамарсан цохилт өгсөн. Харин Украин Крымийн гүүр дэлбэлсэн гэх асуудалд өөрсдийгөө огт оролцоогүй гэж мэдэгдээд байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд Оросын арми пуужин болон Иранаас нийлүүлсэн Шахед-136 дроноор Украины хотууд руу довтолж байгаа.