Оросын тэрбумтан Юрий Мильнер иргэншлээсээ ТАТГАЛЗЖЭЭ
Оросын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын “DST Global” санг эзэмшигч Юрий Мильнер иргэншлээсээ татгалзаж байгаагаа твиттер хуудсандаа мэдээлжээ.
Тэрбээр сүүлийн саруудад иргэншлээсээ татгалзсан Оросын шилдэг 15 бизнес эрхлэгчдээс гурав дахь нь болж байна.
Мильнерийн хэлснээр, тэрбээр 2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараа гэр бүлийн хамт эх орноосоо явсан байна. “Энэ зун бид ОХУ-ын иргэншлээс гарах үйл явцыг албан ёсоор дуусгалаа” гэж Оросын тэрбумтан бичжээ.
Мильнер энэ жил “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 15 дугаарт бичигдэж, түүний хөрөнгө 7.3 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Дөрөвдүгээр сарын дундуур Мильнер Оросын тэрбумтан гэж нэрлэхгүй байхыг хүссэн байна. 2014 оноос хойш тэрбээр Калифорнид амьдарч байгаа аж.
Өнгөрсөн зургаадугаар сард "Freedom Holding"-ийн үүсгэн байгуулагч, үндсэн эзэмшигч, 2.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй Оросын бизнес эрхлэгч Тимур Турлов иргэншлээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ. Оросын хөрөнгө оруулалтын банкны бизнесийн анхдагчдын нэг, "Тройка Диалог" хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч Рубен Варданян есдүгээр сард улсынхаа иргэншлээс татгалзсан байна.