Ромын пап Путинг хүчирхийлэл, үхэл, хагацал дагуулсан дайныг зогсоохыг УРИАЛАВ
Орос Украин руу цэргээ оруулснаас хойш найман сарын дараа дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францис анх удаа Ерөнхийлөгч Владимир Путинд хандан хүчирхийлэл, үхэл хагацал дагуулсан дайныг зогсоохыг уриалсан байна. Дайны хөлд нэрвэгдсэн Украин улсад цус, нулимсан далай урсаж байгаад сэтгэл шимширч буйгаа пап хэлжээ.
Түүнчлэн Оросын Засгийн газар Украины дөрвөн мужид бүх нийтийн санал асуулга явуулж, өөртөө нэгтгэхээр болсныг шүүмжилсэн байна. Энэ байдал цөмийн дайныг өдөөх эрсдэлтэй тул өөрийн улсын ард иргэдийг ч мөн бодох хэрэгтэй гэдгийг Ромын пап Путинд сануулжээ.
Францис пап өмнө нь Оросын Украинд халдсан явдлыг хэд хэдэн удаа буруутгаж байсан ч анх удаа Ерөнхийлөгч Путинд хандаж дайныг зогсоохыг уриалсан явдал боллоо гэж эх сурвалжууд дамжуулж байна. Путинаас гадна Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд хандаж тулааныг зогсоох энхийн хэлэлцээрийн талаар бодолцож үзэхийг уриалжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Путин Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг өөрийн бүс нутагт нэгтгэсэн тухай мэдэгдсэн нь өрнөдийнхний эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.