Гана улсад үхлийн аюултай Марбург вирусний анхны тохиолдол илэрлээ
Африкийн Гана улсад Эбола вирустэй овог нэг, үхлийн аюултай Марбург вируст халдварын анхны тохиолдол илэрчээ. Халдвар авсан эхний хоёр өвчтөн тус улсын Ашанти мужийн эмнэлэгт нас барсан байна.
Тэдгээрийн шинжилгээг Сенегал дахь лабораторид шинжлүүлэхээр энэ сарын эхэнд өгсөн бөгөөд Марбург болох нь өнөөдөр батлагджээ. Одоогоор ойрын хавьтал болсон 98 хүнийг тусгаарласан байна.
Марбург өвчнийг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй ч ус их уух нь амьд үлдэх боломжийг нэмнэ гэж эмч нар зөвлөдөг.
Тус вирус жимсний сарьсан багваахайгаас хүнд халдварладаг бөгөөд хүнээс хүнд шингэн зүйлээр дамжин халдварладаг байна. Толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, цусаар бөөлжих нь өвчний гол шинж тэмдэг аж.
Гана улсын албаныхан иргэдийг агуйд ойртохгүй, мах идэхдээ гүйцэд болгохыг сануулж байна.
Өмнө нь Африкийн Кени, Ардчилсан Конго, Өмнөд Африк, Уганда улсуудад Марбургийн хэд хэдэн халдвар дэгдэж байсан ба анхны тохиолдол нь 1967 онд Германд бүртгэгдэж байв.
Хамгийн сүүлд 2005 онд Ангол улсад халдвар дэгдэхэд 200 хүн амь үрэгдэж байсан.