Махны экспортод тавьсан зарим хязгаарлалтаа цуцалж буйг ОХУ-ын засгийн газар Монголын талд мэдэгджээ
Энэ долоо хоногт Москва хотод зохион байгуулагдсан Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүлээн авалтын үеэр Россельхознадзорын төлөөлөгчид Монголын махны экспортын талаар гаргасан шийдвэрээ мэдээлжээ.
Россельхознадзор нь ОХУ-ын засгийн газрын Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн хяналтын байгууллага юм.
Тус байгууллагын тэргүүн С.А.Данквертын зөвлөх В.В.Лавровский Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, худалдааны төлөөлөгч Д.Хасар нартай уулзахдаа 100 жилийн ойн баярын мэнд хүргээд Монголын нэг аж ахуйн нэгжийн мах, махан бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаагаа мэдэгджээ.
Талууд Орос, Монголын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны нөөц бололцоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон тухай Россельхознадзор байгууллагын вэб сайтад мэдээлсэн байна.