В.Путин Украиныг ЗЭВСЭГЭЭР ДЭМЖИХ улсуудыг сүрдүүллээ
АНУ, Европын холбооны гишүүд тэргүүлсэн 40 улс Германд чуулж, Украиныг зэвсгээр хангах, энэ ажиллагаагаа цаашид тогтмолжуулах асуудлаар тохиролцсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээрх үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. В.Путин мэдэгдэлдээ “Украин-ОХУ-ын асуудалд хөндлөнгөөс оролцсон хэн ч аянга цахилгаан мэт хариу үйлдэлд өртөх болно шүү” хэмээн анхааруулсан байна. Мөн “Бидэнд зэвсэг бий, зайлшгүй тохиолдолд хэрэглэх болно” гэжээ. Үүнийг нь шинжээчид цөмийн зэвсэг, баллистик пуужингаа хэлж байна хэмээн таамаглаж байгаа юм.
Ингэснээр олон улсын байдал улам түгшүүртэй боллоо. 40 улс Украиныг зэвсэглэлээр хангах тогтмол ажиллагаатай механизм бий болгосон /Рамштайны уулзалт дээр шинэ бүтэц сар бүр хуралдаж байх болно гэж Ллойд Остин хэлсэн/, улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Украин Оросыг ялна” гэж итгэлтэйгээр мэдэгдсэн нь В.Путины санааг ихээр зовоосон нь дээрх мэдэгдлээс илт мэдрэгдэж байна.