Путин дайн зогсоох НӨХЦӨЛҮҮДЭЭ хэлжээ
Пүрэв гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нар утсаар ярьжээ. Энэ үеэр Украинд өрнөж буй дайныг зогсоох нөхцөлүүдээ Путин хэлсэн тухай Анкарагийн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Хоёр ерөнхийлөгчийг утсаар ярихад байлцсан Туркийн ерөнхийлөгчийн зөвлөх Ибрахим Калин энэ талаар хэвлэлд мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр хэлэхдээ Оросын тал Украинд тавьж буй нөхцөлүүдийг хоёр ангилж болно
Нэгдүгээр ангиллын нөхцөлүүд нь биелүүлэхэд харьцангуй амархан гэж Туркийн тал дүгнэжээ. Тухайлбал Украин улс эвсэлд үл нэгдэх амлалт өгч, НАТО-д элсэхгүй байх ёстой. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский саяхан НАТО-д элсэх төлөвлөгөөгөө цуцлах тухай ярьж байсан юм. Тиймээс энэ нөхцөлийг Украинд тийм ч хэцүү биш гэж Туркийн талаас үзэж байна.
Нэгдүгээр ангиллын нөхцөлүүд дотор бас Оросын нэр нүүрийг аврах бусад шаардлагууд байгааг Калин дурджээ.
Тухайлбал, Украин улс зэвсэглэлээ хязгаарлаж, цаашдаа ОХУ-д аюул учруулахгүй гэдгээ батлан харуулах, Украинд орос хэл соёлыг хамгаалах, нацизмийн элементүүдийг хориглох зэрэг нөхцөлүүд үүнд багтсан байна. Харин хоёр дахь ангиллын нөхцөлүүдийг Украины тал хүлээж авахад нэлээд хэцүү байх төлөвтэйг ноён Калин хэлжээ.
Эдгээр нөхцөлүүд дээр тохиролцоонд хүрэхээсээ өмнө Украины ерөнхийлөгч Зеленскийтэй нүүр тулж уулзах шаардлагатайг Путин Туркийн ерөнхийлөгчид хэлсэн гэнэ.
Мөн Украинаас салан тусгаарласан дорнод мужууд болон Крымийн хойгийн статусын асуудлыг хөндсөн юм байна. Ноён Калин эдгээр асуудлаар Москва яг ямар нөхцөл тавьж байгаа тухай дэлгэрүүлж ярихаас татгалзжээ. Ерөнхийдөө Москвагийн тавьж буй нөхцөлүүд олон хүний төсөөлж байсан шиг хэцүү биш, хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байгаагаа Туркийн тал илэрхийлсэн байна.
Дэлхийн ихэнх улс орон эзлэн түрэмгийлэл гэж үзэж буй уг ажиллагаа эхлээд 23 хоножээ. Энэ хугацаанд Украины гурван сая гаруй иргэн Европын орнууд руу дүрвэж, олон мянган хүний амь нас үрэгдээд байна.