Камила Валиевад олимпын медальтны бай ШАГНАЛ олгохыг САНАЛ болгожээ
Оросын уран гулгагч Камила Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн ч олимпын медальтны шагналыг хүртэх ёстой хэмээн Төрийн Думын Биеийн тамир, спортын хорооны дарга Дмитрий Свищев мэдэгдэв.
Тэрбээр "Тэд аль 12-р сард авсан шинжилгээний дуулианаар манай тамирчинд дарамт шахалт үзүүлсэн. Валиева бүхнээс илүү байж чадсан учраас тэд урьдаас ийм үйлдэлийг бодож төлөвлөсөн. Хэдийгээр дөрөвдүгээр байр эзэлсэн ч эх орон нь түүнийг санхүүгийн хувьд урамшуулж, олимпын медальтны бай шагнал олгох тогтоол гаргуулахаар Төрийн думд санал оруулна" гэжээ.
Дашрамд дурдахад, Бээжин-2022 өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд /2022.02.17/ Оросын уран гулгагч Анна Щербакова богино болон чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэр дүнгээр (255.95 оноо) алтан медаль хүртсэн. Тус төрөлд мөн Оросын уран гулгагч Александра Трусова (251.73 оноо) мөнгө медалийн эзэн болсон бол Японы Каори Сакамото (233.13 оноо) хүрэл медаль хүртэв.
Богино үзүүлбэрийнхээ оноогоор бүх тамирчныг тэргүүлж байсан Камила Валиева чөлөөт үзүүлбэр дээрээ хэд хэдэн алдаа гаргаж, дөрөвдүгээр байрт орж медальгүй хоцорсон билээ.