Хорт хавдраа ялан дийлсэн сноубордчин олимпын аварга боллоо
Канадын сноубордчин үхлийн аюултай өвчинтэй гэдгээ анх сонссоноос хойш ердөө гурван жилийн дараа олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.
Слоупстайлаар өрсөлдсөн Макс Парро "Бээжин-2022" өвлийн олимпын үеэр үндэсний шигшээ багийнхаа анхны алтан медалийг авчирсан юм. Гуравхан жилийн өмнө 24 настай байхдаа Парро үхлийн аюулт өвчин туссан нь оношлогдож байжээ.
Парро гурван настайгаасаа л өвлийн спорт сонирхож эхэлсэн. Анх цанаар гулгаж эхэлсэн бол есөн настайгаасаа сноубордоор хичээллэх болжээ. Үүнээс 10 жилийн дараа Сочигийн олимпд оролцсон бол дахин дөрвөн жилийн дараа Пёнчан-2018 олимпын мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү түүний алдрын замнал эхэлж байхад тунгалгийн системийн хавдартай нь тогтоогджээ.
Канадын тамирчин аймшигт өвчний талаар сонссон ч бууж өгсөнгүй. Зургаан сарын дотор 12 курс химийн эмчилгээ хийлгэв. "Хавдар хэзээ ч намайг дийлэхгүй" гэсэн бодол үргэлж байсан гэж тэрбээр хожим дурсжээ.