АФГАНИСТАН: Онгоцны буудалд дэлбэрэлт болж 90 хүн амь эрсэджээ
Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудал дээр өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдрийн орой хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болж, дор хаяж 90 хүн нас барж, 150 гаруй хүн шархаджээ . (Энэ тоо нэмэгдэх магадлалтай.)
Мөн АНУ-ын Батлах Хамгаалахын яамны мэдээлснээр, АНУ-ын 13 цэрэг уг дэлбэрэлтийн улмаас амь насаа алдаж, 18 хүн хүнд шархаджээ.
Улс орнууд Афганистанд халдлага болох өндөр магадлалтай тул иргэдийг онгоцны буудлаас хол байхыг анхааруулсаар байсан юм.
Уг анхааруулгын дараахан дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийг Афганистаны Исламын улс бүлэглэлийн ISIS-K байгууллага үйлдсэн гэв. ISIS-K байгууллага нь Талибуудаас ч аюултай гэх ба Талибуудыг АНУ-тай эвтэй байгааг хүчтэй шүүмжилж байсан удаатай юм.
Түүнчлэн уг дэлбэрэлтийн улмаас Талибаны 28 хүн нас барсан болохыг Талибаны төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн байна.
Эхний дэлбэрэлт нисэх онгоцны буудлын ойролцоо болсон бөгөөд дэлбэрэлтийн дараа буудалцаан өрнөжээ. Харин хоёр дахь дэлбэрэлт Афган иргэдийн орогнож байсан газрын ойролцоо болж, маш олон гэмгүй иргэд, хүүхдүүд өртжээ.
Гэрчийн мэдүүлж буйгаар дор хаяж 400 – 500 хүн тэнд байсан, мөн дэлбэрэлт маш хүчтэй болсон гэв.
Харин одоо АНУ болон Их Британийн цэргүүд онгоцны буудлыг хамгаалалтад авахаар ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
|