10 ихэр хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл “ХУДАЛ“
Саяхан л Өмнөд Африкийн иргэн Госиаме Ситхоле 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл тарж, Геннисийн номонд бичигдэх талаар ярьж байв. Гэтэл уг мэдээлэл нь худал болохыг баталсан байна.
Pretoria News сонинд энэ сарын 8-ны өдөр энэ талаарх мэдээлэл гарсан бөгөөд Ситхоле долоон хүү гурван охин төрүүлсэн гэж мэдээлжээ. Хүүхдүүдийн эцэг ч хүүхдүүдээ олж хараагүй байна. Учир нь коронавирусний халдвараас сэргийлж эцгийг нь эмнэлэгт оруулаагүй гэж тэрээр уг мэдээллийг гаргасан сэтгүүлчид хэлж байжээ. Өнөөдрийг хүртэл Ситхоле хүүхдүүдээ хаана байгааг хэлээгүй байна.
Эмч нар болон нийгмийн ажилтнууд 10 хүүхэд төрсөн гэх мэдээллийг баталгаажуулж чадаагүй аж. Гэтэл 10 хүүхэд төрүүлсэн гэх эмэгтэй түүний түүх үнэн гэдэгт бат зогссоор байгаа аж. Удалгүй түүнийг нөхрөө хуурсан, хүүхдүүдээ нуун дарагдуулсан хэмээн сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ.
Ситхоле үнэхээр жирэмсэн байсан бөгөөд хүүхэд төрүүлсэн, гэхдээ хэчнээн хүүхэд төрүүлсэн нь тодорхойгүй байна гэж анх олон нийтэд мэдээллэсэн сэтгүүлч Пит Рампеди хэлжээ.