Аялахад тохиромжтой орноор МОНГОЛ УЛСЫГ нэрлэжээ
“Форбс трэйвэл” сэтгүүлд аялж, амрахад тохиромжтой орноор Монгол Улсыг онцолжээ. Түүнчлэн яагаад тус улсыг онцолсноо цухас дурдсаныг тоймлон хүргэе.
Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцинжуулсны дараа хилээ нээхээ мэдэгдсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сар гэхэд аялагчдад нээлттэй орон болно. Тус улс цар тахлын үед 30 орноос 9068 иргэнээ татан авсан юм.
Тал нутаг гэрэл зурагчдыг соронз мэт татах болсныг мөн дурдсан байна. Германы гэрэл зурагчин Макс Муенчийн аялсан мөрөөр энэхүү өвөрмөц орныг судлах боломжтойг санал болгосон байв. Тэрбээр 2019 онд Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, Монгол орноор 147 хоног аялжээ. Макс Монгол орныг “Зэрлэг өрнөд” гэж нэрлэсэн байдаг. Дэлхийд алдартай говийг хоёр бөхт тэмээгээр 13 хоногт туулахдаа Макс Муенч Цагаан суварга, Ёлын ам, Галын цохио зэрэг үзэсгэлэнт газраар аялжээ. Төв Азийн Монгол соёлыг судлах аяллын гол хөсөг бол морь. Хурдацтай хөгжиж буй Монгол Улсын өмнөд говиос Алтайн нуруу, их нуурууд, мөсөн гол хүртэл аялахад 19 хоног зарцуулжээ. Монголын нуурууд дэлхийн хамгийн хойд бүсэд орших агаад элсэн манхантай адил үзэсгэлэнтэй. Аялагчдад их нууруудын бүсэд илүү их цаг өнгөрүүлэхийг зөвлөж байна. Таван Богдын байгалийн цогцолборт газраар аялж, уулын тагтад тогтсон асар том мөсөн голууд бол гайхамшиг. Хэрэв та азтай бол, тэр бүр баригдашгүй ирвэсийн гэрэл зургийг авах боломжтой. Монголчуудын нэг хувь нь ус, цахилгаангүй орчинд амьдарч байна. Тийм онгон зэлүүд орчинд хүлэг моринд найдахаас өөр аргагүй. Заримдаа орчин үеэс тасарсан газар шиг санагдах ч адал явдлын эх орон. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалын компаниудад хандахад хялбар.
Эрс тэс уур амьсгалтай учраас жуулчид аялах сараа зөв сонгох хэрэгтэй. Зуны улирал хамгийн тохиромжтой цаг. Гэхдээ хүйтнээс айдаггүй бол өвлийг сонгож болно. Монголын зун зургаадугаар сарын дунд үеэс наймдугаар сар хүртэл үргэлжилдэг. Гэхдээ тал нутгийн цаг агаарыг урьдчилан таамаглах боломжгүй. Байгалийн ямар ч үзэгдэлд бэлэн байх хэрэгтэй. Хэрвээ та Улаанбаатар, Хөвсгөл нуур, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, тайгын хойд хэсэг, цаашлаад баруун тийш Алтайн нурууг сонгосон бол зургаадугаар сард аялахыг зөвлөж байна гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин