Дани улс “AstraZeneca” вакцины хэрэглээг БҮРЭН ЗОГСООЛОО
Дани улс цус бүлэгнэх ховор төрлийн өвчин үүсгэх эрсдлээс сэргийлэн “AstraZeneca” вакцины хэрэглээгээ бүрэн зогсоожээ.
Энэ шийдвэр гарснаар тус улсад бүх нийтийн дархлаажуулалтын аяны дуусах хугацаа хэдэн долоо хоногоор хойшилж магадгүй байгаа аж.
Европын эмийн хяналтын агентлаг “AstraZeneca” вакцины эрсдлийн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн ч ковид-19 өвчнөөр нас барах эрсдэл вакцины хүндрэлээс хамаагүй өндөр байгааг мэдэгдэлдээ оруулж байсан юм. Тиймээс уг вакцины хэрэглээг түр зогсоогоод байсан улсууд дахин хэрэглээнд нэвтрүүлсэн.
Мягмар гарагт АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг улсдаа түр зогсоох шийдвэр гаргасан. Уг вакцин нь “AstraZeneca”-тай ижил цус бүлэгнэх өвчин үүсгэж байх эрсдэлтэй байсан тул ийнхүү зогсоосон. Лхагва гарагт Европын холбоо, ӨАБНУ энэ шийдвэрийг даган хэрэглээгээ мөн зогсоогоод байгаа юм.