Хүн нас барсны дараа АНУ-д “Johnson & Johnson”-ы вакцины хэрэглээг түр зогсоолоо
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг эрүүл мэндийн байгууллагуудад хандан “Johnson & Johnson” компанийн үйлдвэрлэсэн, ковид-19 өвчний дархлааг нэг тунгаар тогтоодог вакцины хэрэглээг яаралтай зогсоохыг уриалсан байна.
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, уг вакциныг хийлгэсэн хүмүүсийн дунд нэн ховор цус бүлэгнэх өвчин илэрч байгаа нь ажиглагдсаны дараа ийнхүү уриалга тавьжээ. “Johnson & Johnson”-ы вакцин тариулсан 6.8 сая хүнд ийм өвчний зургаан тохиолдол бүртгэгдсэн нь болгоомжлох шалтгаан болжээ.
Вакцин хийлгэсэн зургаан хүн бүгд 18-48 насны эмэгтэйчүүд аж. Тэдний нэг нь нас барж, нэг нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Нөхцөл байдал ийм болсон тул “Johnson & Johnson” компаниас мэдэгдэл гаргаж, Европт хийх нийлүүлэлт хойшилсон гэж зарлажээ.
Өмнө нь “Астра Зенека”-гийн вакцинд үүсч байсантай ижил тохиолдол ийнхүү “Johnson & Johnson”-ы вакцинд тохиолдлоо. Түр зогсол хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.