14 улс ДЭМБ-ын шинжээчдийн тайланд “сэтгэл түгшиж“ байгаагаа илэрхийлэв

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ болон дэлхийн 13 улс коронавирусний гарал үүслийн талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчдийн  тайлантай холбогдуулан “сэтгэл түгшиж” буйгаа илэрхийлжээ.

“ДЭМБ-аас Хятадад саяхан явуулсан судалгаанд бид сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж байна. Үүний зэрэгцээ ирээдүйд гарал үүсэл нь тодорхойгүй ийм дэгдэлтийг үнэлэх хурдацтай, үр дүнтэй, ил тод, шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бус олон улсын механизмыг боловсруулж ашиглахад хамтран ажиллахын ач холбогдлыг цохон тэмдэглэж байна” гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. Энэхүү хамтарсан мэдэгдлийг АНУ-ын Төрийн Департамент нийтэлсэн байна.

Баримт бичигт гарын үсэг зурсан орнууд коронавирусний гарал үүслийн талаарх судалгааг хараат бус, ил тод явуулахыг дэмжиж байгаа бөгөөд хөндлөнгөөс оролцох эсвэл зүй бусаар нөлөөлөх бодолгүй байгаагаа онцлон тэмдэглэжээ.

"Цар тахлын шинжтэй үл мэдэгдэх өвчин үүсгэгчийн ноцтой дэгдэлт гарсан тохиолдолд шинжээчдийн гаргах хараат бус түргэн шуурхай үнэлгээ нь ард иргэд, эрүүл мэндийн байгууллагууд, аж үйлдвэрүүд, Засгийн газруудыг ийм дэгдэлтэд илүү сайн хариу арга хэмжээ авах, ирээдүйн цар тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүү сайн бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Энэхүү мэдэгдэлд АНУ-аас гадна, Австрали, Канад, Чех, Дани, Эстони, Израил, Япон, Литва, Латви, Норвеги, Өмнөд Солонгос, Словени, Их Британи нэгджээ.

Коронавирусний гарал үүслийг судлахаар Хятадын Ухань хотод ажилласан олон улсын шинжээчдийн багийн тайланг ДЭМБ мягмар гарагт нийтэлжээ. Шинжээчид тайландаа  “SARS-CoV-2” вирус лабораториос алдагдсан байх магадлал “маш бага” гэж дүгнэсэн байна.

ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг нэгдүгээр сарын 14-нөөс хойш Хятадад сар орчим хугацаанд ажилласан бөгөөд “COVID-19”-ийн гарал үүслийг тодорхойлох чиглэлээр Хятадын мэргэжилтнүүдтэй хамтарсан судалгаа хийжээ. Шинжээчид Уханийн Вирус судлалын хүрээлэн болон вирус алдагдсан эсвэл хиймлээр гарган авсан гэх цуу яриатай холбогддог Биологийн аюулгүй байдлын үндэсний лабораторид ажилласан байна. Энэхүү лаборатори нь Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн харьяа байгууллага бөгөөд биологийн аюулгүй байдлын дээд зэргийн BSL-4 стандартын дагуу итгэмжлэгдсэн Хятад дахь цорын ганц лаборатори юм. Тиймээс тус лабораторийн судлаачид дэлхийн хамгийн аюултай өвчин үүсгэгчдийг судлах боломжтой байна. ДЭМБ-ын шинжээчид мөн хэд хэдэн эмнэлэг, халдвар анх бүртгэгдсэн далайн гаралтай бүтээгдэхүүний “Хуанань” зах дээр, түүнчлэн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвд ажиллажээ

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624955
0 эможи

keyboard_arrow_up