ОХУ-ын Ерөнхий сайдыг дагаж явсан сэтгүүлчид халдвар авчээ
ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак коронавирусын халдвар авсныг тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгдлээ. Тэрээр “Александр Новак халдвар авсан нь үнэхээр харамсалтай зүйл боллоо. Хурдан эдгэхийг хүсье” гэжээ.
Харин Новакын хэвлэлийн төлөөлөгч Олга Голак “Эрчим хүчний сайд Алс Дорнод руу уулзалтаар яваад ирэхдээ халдвар авсан. Түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Одоогоор бие нь сайн байна. Тэр ажлаа үргэлжлүүлэн хийж энэ сарын 19-нд болох ОПЕК-ийн орнуудын уулзалтад цахимаар оролцоно” гэв.
Мөн Ерөнхий сайд Михайл Мишустиныг Алс Дорнодын уулзалтад дагаж явсан зарим сэтгүүлчээс коронавирусын халдвар илэрчээ. Сэтгүүлчид Амур мужийн нийслэлээс буцаж ирээд энэ сарын 17-нд шинжилгээ өгсөн байна. Тиймээс тэднийг тусгаарлаж, үлдсэн сэтгүүлчид ажлаа үргэлжлүүлэн хийж бусад бүс нутгуудаар Ерөнхий сайдтай хамт явжээ. Бүх сэтгүүлчид хамгаалалтын хувцас, бээлий, маск өгсөн. Гэвч тэд автобусанд суух үеэрээ маскаа зүүгээгүй байгаа аж.