ОХУ агаарын хилээ нээх орнуудын жагсаалтаас Монгол улсыг хасчээ
ОХУ коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгээ гуравдугаар сарын 27-ны өдрөөс зогсоосон. Харин долоодугаар сарын 9-ний өдөр Роспотребнадзор буюу Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд агаарын хилээ нээх 13 орны жагсаалтыг санал болгосон байна.
Уг жагсаалтад Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд болон Хятад, Монгол, Вьетнам, Шри-Ланк улсууд багтжээ.
Гэвч Монгол Улсын хувьд тарваган тахал гарсан нь эрсдэлтэй гэж үзэж, манай улсыг уг жагсаалтаас хассан байна.
ОХУ-ын Тээврийн сайд Евгений Дитрих “Оросын агаарын тээврийн компаниуд тун удахгүй зөвшөөрөгдсөн чиглэлүүд рүү тасалбар борлуулж эхлэх болно” гэж мэдэгджээ.
Харин ОХУ-ын Шадар сайдын орлогч Татьяна Голиковагийн мэдээлснээр ирэх сарын 1-нээс ОХУ-ын Москва, Санкт-Петербург болон Ростов хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркийн Стамбул, Анкара, Их Британийн Лондон хотууд болон, Танзанийн Занзибар арал руу тус тус нислэг үйлдэж эхлэх аж.